Тайванийн Тайпэй хот дахь Fembooks номын дэлгүүрт “Эмэгтэй инженерүүд ба сэргээгдэх эрчим хүч: Жендерийн өнцгөөс – Монгол-Тайванийн хэлэлцүүлэг” сэдэвт арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээг TWiST (Тайваны эмэгтэйчүүдийн STEM байгууллага) санаачлан, INWES болон CIE-WEN,  Тайваний Үндэсний Шинжлэх Ухаан, Технологийн Зөвлөл хамтран зохион байгуулав.

Тус арга хэмжээнд Монгол, Тайваний эрдэмтэн, идэвхтнүүд оролцож, STEM салбар дахь жендерийн тэнцвэр, сэргээгдэх эрчим хүчний бодлого, тогтвортой хөгжлийн талаар санал солилцлоо. Монголын эмэгтэй инженерүүд, технологичид, математикчид, эрдэмтдийн гүйцэтгэх захирал, доктор Ариунболор Пүрвээ Монголын эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, нүүрснээс хамаарал, дэд бүтцийн асуудал болон сэргээгдэх эрчим хүчний хэрэгцээ, тулгамдсан бэрхшээлүүдийг онцлон танилцуулсан юм.

Тэрээр мөн эрчим хүчний хэмнэлтийн ач холбогдлыг онцолж, Монголын нөхцөлд тохирсон шийдлүүд хэрэгжүүлэх, сурталчилгааны ажил өрнүүлэх зэрэг бодит алхмуудыг санал болгов.

Тайваны талаас “Ногоон Идэвхтнүүдийн Эрчим Хүчний Кооператив”-ийн төлөөлөгч хатагтай Шу-Дэр Хуанг эмэгтэйчүүдийн тогтвортой хөгжилд үзүүлсэн хувь нэмэр, цөмийн эрчим хүчнээс ангижрах чиглэлд хийсэн хүчин чармайлтыг хуваалцсан. Мөн Тайваний Үндэсний Их Сургуулийн дэд профессор Яа-Ю Чианг ногоон үйлдвэрлэл, жендерийн оролцоо, эрдэм шинжилгээний салбар дахь тэгш байдлыг дээшлүүлэх арга хэмжээний талаар танилцуулсан.

 

Хэлэлцүүлэг нь хоёр орны эрдэм шинжилгээ, бодлогын салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг дэмжихэд үнэтэй хувь нэмэр орууллаа. Арга хэмжээний төгсгөлд оролцогчид эмэгтэй эрдэмтдийн буурч буй хувь, нэг эцэгтэй гэр бүлийн тулгамдсан асуудлууд зэрэг сэдвээр чөлөөтэй санал солилцсон юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг энэ холбоос дээр дарж авна уу.